BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Нэргүй мөрүүд...

1.
Шинэхэн үхдлийн дээгүүр гишгэлэн алхах тэрний
Шивнэх үгс нь чихэнд айдас авчран наах шиг
Үнэр нь хүртэл хамар цоргимоор муухай санагдах
Үхэл дэргэд минь ирчихэж, яг хажууд

Зүрхний минь цохилт аажуухнаар зогсоод
Зугтах хүслээ авсандаа хамт авч орно
Ширдэг шиг зулсан цогцсон дундах
Шинэхэн үхдлийн нэг нь болж хувирна

2.
Согтуу байхад л тэдгээр бодлууд надаас хол
Солиотой зүйлс тархинд ургахгүй их амар
Мөнхийн согтуу амьдралтай болохгүй бол
Мөдхөн галзуурах нь цаашид тэсэхгүй юм байна

Архийг шил шилээр нь ходоодондоо нууж
Аргаа барсан галгүй нүдээ хэсэг амраана
Элэг нь хороо боловсруулж дийлэхгүй болохоор
Эргээд бөөлжиж зовлон нэгээр нэмэгдэнэ

Өглөө бүрийн нарыг шартсан сэтгэлтэй угтаж
Өчигдөр уусан нь архи биш харуусал гэдгийг мэдэх
Өдөр бүхнийг ингэж өнгөрөөмөөр санагдаад болохгүй
Өмнө минь зам гэж алга харин там байна

3.
Гавлын ясанд нь шингэн цалгисан нэгэн
Гашуудлыг минь уландаа гишгэчихлээ...

Мөнгө цагаан, нүд улаан орчлон
Мөрөөдлийг минь бас залгичихлаа...

Орон дээр үхлээ хүлээн хэвтээ тэрэнд
Оройн хоол хэрэггүй, өлсөхгүй...

Ялын тогтоолоо сонсохоор босохдоо
Яах гэж хийв дээ гэвэл хожимдол...

Уршигт хавдар элгэнд чинь биш харин
Ухаанд чинь ургажээ, эргүү малаа...

4.
Цэг тавья яг одоо хайр дурлалдаа
Цэцэрхэл бас гуниглал хэрэггүй надад
Уйлаад гуйхад минь тоогоогүй мөртлөө
Удаа ч үгүй араас чаргууцалдах...

Бодол дотроосоо хөөн зайлуулаад
Болвол чамаас холдохыг хүснэ
Бүтэлгүй нэгний тэнэг амьдралаас
Бүртийх бараагүй арилаад өгөхсөн...

5.
Цэгцэрч өгөхгүй бодлуудын дундах
Цэг таслал үнэндээ илүү санагдах
Тавьж чадахгүй цэгийн хойноос
Таталдан таталдан харуусах нь илүү

6.
Ган болд төмөр байлаа гээд
Градустаа хүрвэл хайлна...

Үхэл ирээд авахын цагт
Үнэндээ нас ямар хамаатай
Үйл нь ирээд зовох цагт
Урьдын жаргал хэнд хамаатай

7.
Үнэ цэнэтэй ухаалаг мөртүүдийг урлахын тул
Үзгээ биш тархиа хурцлах хэрэгтэй санагдах

8.
Нүднийх нь харцнаас хайрын илч ялгардаг
Нүүрэн дээр нь надад хайртай гэсэн бичигтэй
Уруулаас нь тачаалын долгион тархдаг
Ухаангүй нэгэнд би дэндүү хайртай

9.
Байдаг үгүйг чинь одоо л нэг шалгачихъя
Бурхан минь надад чадал хайрла
Буруугаа хүлээх чадал хайрла
Буцааж тэрнийгээ авах чадал хайрла

10.
Ургах нартай зэрэгцэн уруул чинь хөхөрч, чи амьгүй
Улаан туяа татдаг хацар чинь өнгөгүй, чи үхмэл
Урсаж байдаг тэр л харц чинь зогсонги, чи амьгүй
Ухаан чинь хэдийнээ агаарт шилжчихсэн, чи үхмэл

11.
Хоолой давж амжаагүй архины аагинд
Хонгорхон тэрнийгээ гомдоогоод амжиж
Нүднээс биш зүрхнээс урсах нулимсыг
Нэг их ойшоолгүй тэр минь надаас явчихаж

Өнгөрлөө гээд л хаячихаж сураагүй зан
Өөрөөсөө өөрийг уландаа гишгэгч би
Буман амьтдын бужигнаанд төөрсөн бид
Будант орчлонгийн ёололтыг сонсохгүй

12.
Өлмийн дор нь сэтгэлээ тавиад өгсөн
Өдрийн хоолонд зүрхээ бариад гүйсэн
Оройн наргианд сэтгэлээ уулгасан
Одоо болноо хонгороо цаашаа чадахгүй

Би чамаас, чи надаас явж чадахгүй болохоор
Битгий гунигла бас уйлаад ч хэрэггүй
Нулимсан дунд юмс бүртэлзэн үзэгдэх шиг
Нэг л сонин тэр мэдрэмж надаас салахгүй

Уйтгарт нүргэлээн тархийг минь цохилон
Урагшаа биш арагшаа л алхаад байх шиг...

13.
Давхцах ёсгүй орон зайн нөлөөллөөс
Хүсээд хүсээд бид гарч чадахгүй ч гэлээ
Дунд байгаа тэр жижигхэн тойргийн тусламжаар
Хүч гаргаж чадвал хамтдаа ч байх юм шиг

14.
Хөндүүр сэтгэл хөлд орооцолдоход
Хөмхийгөө зуун унахгүйг хичээнэ
Нэгэнт уначихсан бол харамсаад хэрэггүй
Нөгөө ертөнц бас таалагдаж магад

Би энэ хорвоогийн хүн биш юм байна
Бие минь ч тэр сэтгэл минь ч тэр адил
Бусдыг шоолсон харцанд минь тэд бүдрэхдээ
Буруугаа надад тохдог юм, би сурчихсан...

15.
Дүрэм үгүй энэ газарт
Дураараа сайхан бай
Хаана ч угаасаа дүрэм байдаггүй
Харин дурандаа мөрддөг юм

Надад лав тэдний дүрэм хамаагүй
Насандаа ч би тэрнийг нь дагахгүй
Үзэн яд намайг үзэн яд, дахиад
Үүнээс өөр зам та нарт бас үгүй

16.
Тэр миний нэрийг дахин дуудаасай
Тэгэхэд би хажууд нь байж таараасай
Үнэрийг нь зүрхэндээ үгийг нь тархиндаа
Үнэнийг харин бодолдоо хадгалсан

Зүрх тархи хоёр зөрчилдөх тэр мөчид
Зүүд амьдрал хоорондоо нэгддэг
Ялгаа үгүй байх юм бол хэрэг алга
Яагаад ч сэрэхээргүйгээр унтахсан гэж

Хэзээ ч би сэрэхгүй юм бол
Хэнд хайртайгаа мартахгүй
Хэзээ ч би сэрэхгүй юм бол
Хэн намайг хайрладагийг санахгүй

17.
Бөмбөрийнх нь цохилт намайг галзууруулах шахдаг
Бүгдийгээ, үнэхээр бүгдийгээ тэрэнд өгөх юмсан
Хугалж нугалахыг оролдохдоо хэлсэн үгсээ
Хүчингүй болгохсон, тэгээд уучлалт гуйхсан

Гэхдээ л би тэгж чадахгүй, тэр бас мэднэ
Гэмгүй гэмтэн би мөнөөсөө мөн, хайртай

18.
Нар саранд дурласандаа гэрэлтүүлдэг юм
Над шиг бас чам шиг л тэд дурлацгаасан
Сар нэг л өдөр нарнаас яваад өгчихсөн
Нар харин тэрнийг гэрэлтүүлэхээ болиогүй

Нар сарыг гэрэлтүүлээд байгааг мэдсэн ч
Нэг ч хүн шөнө нарны ачийг санадаггүй юм
Сарны гэрэлд гээд дуу хүртэл зохиосон хирнээ
Сайхан нарны тухай дурсаагүй үлдсэн юм

Нар гэхдээ тэрэнд нь гомдож тунирхаагүй
Над дээр ч чам дээр ч туяагаа тусгасаар л
Сар гэхдээ тэрэн лүү эргэж очоогүй
Сарних ёсгүй бардамхалдаа хүлүүлчихсэн

Тийм болохоор л сар уйлдаг байх
Тэгээд нар тэрнийг нь хатаадаг байх
Тэнгэр нар гийхээ л байчих юм бол
Тэрнийг дагаад сар ч гийхгүй

19.
Сонгины хэрчдэс
Нулимс урсах...

Үлгэрийн үгс
Чих өвтгөх...

Гэмгүй гэмтэн
Гэртээ хоргодох...

Хариугүй хар
Хачин их санах...

Уянгалаг аялгуу
Урам хугарах...

20.
Тэртээ нэг өдрийн тэр нэг мөчид чамайг үнссэнсэн
Тэгээд тэр үнсэлтийг нэг газраа чандлан хадгалсан
Уйлмаар болох болгондоо гарган ирж харж суухдаа
Ухаан саруулсаж, бие хөнгөрүүлэх шидтэйг олж мэдсэн

Хааяахан тэр хадгалсан үнсэлтээ би мартчихдаг юм
Харамсалтай нь уйлчихаад бүр дараа нь санадаг юм
Хэрэгцээтэй үед хэрэглэж чадахгүй тэр нэг үнсэлтийг
Хэтдээ дахин ашиглахгүйгээр одоо ингээд ТРАШ БИН

21.
Хэзээ нэг өдөр эргэж харна гээд ард нь алхсаар
Хэзээ нэг цагт сонсоно гээд давтан хэлсээр
Хэзээ нэг мөчид ухаарна гээд ул мөргүй уучилсаар
Хэзээ ч биелэхгүйг нь мэдээд урам хуга үсрээд...

Наах цавуу олдохгүй
Насан туршид хагархай

22.
Сүүн дээгүүр талхан завь хөлөглөн хөдлөхөд
Сэтгэл салхи болон далбаа хүчтэй туун исгэрээд
Замд таарсан зүрх гээч ёроолын шүрэн арлыг
Зүгээрчгүй сэтгэлээр сонирхон тольдоход

Би чамдаа дурлажээ


15.
Улаан уруул хатаж гандсан ч үзэсгэлэнтэй
Ухаангүй нэгэнд үнсэх хүсэл төрөм хэвээрээ
Гэвч тэрний сэтгэл бас л адилхан, яг тийм
Гэрэл гийхээсээ өнгөрчихсөн, харанхуй, үүрд

Нарны туяа нэвтэлж чадахааргүй тэр дунд
Надаас өөр тэмтчих хүн үгүйд харамсмаар
Гарт баригдсан бүхэн бодит бус орчлонд
Гуниг, тэгээд харуусал л тойрон эргэлдэх юм

Уйлаад дуусахгүй ч нулимс дундраад ирсэн
Уушиг бүтэлгүй хайраар хордоод бачуухан
Амьсгалах агаараар дутсан над шиг нэгэнд
Арай л арай л санагдах юм заримдаа...


Г. Эс-Олдох

0 сэтгэгдэл: