BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Тархи хангалтгүй санагдахад...

Зүүд бодит амьдралтай хэр холбоотой юм бол? Зарим хүмүүс амьдралын зүүд гэх, хэрэв тийм юм бол зүүд амьдрал байх нь...



ЗҮҮД

Охин 6 давхар шилэн байшингийн хойдох цэцэрлэгт салхилж сууна. Гадаа ер бусын хүйтэн атал охин ердөө ч даарахгүй. Чихэндээ тэр гэхийн тэмдэггүй хөгжим гэхэд ч хэцүү зүйл сонсон суух бөгөөд гэнэтхэн дотогшоо ормоор санагдана. Босоод алхлаа...Цэцэрлэг байшин хоёрын голд байх замыг хөндлөн гарах үест нуруун талаас машины сигналдах дуу сонстоно. Эргэж харахын завдалгүй машин түүнийг мөргөж, охин газар үхэтхийн унана. Түүний ам хамарнаас цус сад тавих бөгөөд нэгэн залуу түүнд туслахаар ирэхэд гагцхүү цэв цэнхэр, Монголын тэнгэр шиг цэв цэнхэр нүдийг нь л харж амжлаа. Аажмаар дээшээ хөөрөх охины сүнс цусанд будагдсан амьгүй биеэ харахаас өөрийг хийж чадахгүй...




АМЬДРАЛ

Охин ингэж зүүдлээд сэрэхдээ уртаар амисгаа авсансан. Хөлсөнд норсон хөнжил нь хүйт даахад л сая нэг ухаан орж, өөрийгөө амьд байгаадаа хязгааргүй ихээр баярлаж, амиа хорлох гэсэн утгагүй бодлоо тархинаасаа үүрд арчин хаяв.

Дэмий зүүд зүүдэлсэний дараах өглөө, охин сүүлийн 2 сарын туршид гэрийн оронд гэр нь болоод байгаа 6 давхар шилэн байшин бүхий эмнэлэгийнхээ хойд талын жижигхэн цэцэрлэгт нарлаж суув. Чихэнд нь түүний хамгаас дуртай Хээвий метал хөгжим эгшиглэх аж. Түүний байгаа газар угаас хүйтэн болдоггүй, энэ өдөр ч урьдын адил таатай дулаахан хэвээрээ. Гэнэт охин асар их даарч байгаагаа мэдэрч, бушуухан дотогшоо орж, дулаахан хөнжилдөө шургамаар санагдлаа. Босоод алхлаа...Цэцэрлэг байшин хоёрын голд байх замыг хөндлөн гарах үест нуруун талаас машины сигналдах дуу сонстоно. Эргэж харахын завдалгүй нөгөө машин сигналдсан чигээрээ ирээд охиныг дөнгөж тэнцвэрээ алдах төдий зөөлхөн "мөргөв". Охин тэнцвэрээ алдсандаа машины копутан дээр нуруугаараа унаад, тэндээсээ зөөлхөн гулссаар газар ойчлоо. Машины жолооч бололтой залуу сандран гүйж ирээд, түүнийг зүгээр эсэхийг лавлахад охин дуу гаргаж ч чадсангүй. Залуугийн нүд цэв цэнхэр, Монголын тэнгэр шиг цэв цэнхэр байлаа.




БОДИТ БАЙДАЛ УУ?

Охин Залууг тэр жижигхэн "осол"-оос болж танидаг болсон ч тэрэндээ баяртай явдаг. Тэр их сайхан залуу. Өндөр шулуухан хамар, сайхан инээмсэглэл, ялангуяа Залуугийн цэнхэр нүд охинд хамгаас гойд таалагддаг. Охин өдөр болгон Залуугийн нүд рүү хараад яриа өрнүүлэн суудагтаа бүр дасаж орхиж. Хэн бүхний мэдэх эмнэлэгийн уйтгарт амьдрал Охины хувьд тийм биш. Яагаад гэвэл Залуу дандаа л түүнтэй хамт байдаг. Охин Залууд ухаангүй дурласан байлаа. Гэхдээ тэр нэг өдрийг хүртэл...




ТЭР НЭГ ӨДӨР

Залуу ирдэг цагаасаа 10аад минут хоцроход нь Охин ихэд гайхав, бас мууг бодов. Эмнэлэгийн үүдэнд гарч хүлээхээр шийдсэн нь түүний амьдралын хамгийн том алдаа гэдгийг Охин тэр үед яахин мэдэх билээ дээ. Залуугийн машин эмнэлэгийн гадаа зогсож байх. Машин дотроо гэвч тэр алга. Гайхсандаа хүлээн авах дээр очоод Залууг дүрслэн хэлж орж ирсэн эсэхийг нь асуугаад хачирхалтай хариу авлаа.

-Чи Залууг хэлээд байна уу? гэх сувилагчийн асуултанд
-Тийм, та яаж мэддэг юм бэ? гэж Охин хариулав
-Мэдэлгүй яахав. Тэр чинь манай урдаа барьдаг эмчийн хүү нь байгаа юм.
-Тэр эмч тэгээд хэн юм бэ?
-Яагаав чамайг хариуцагч эмч чинь гээд сувилагч жуумалзав.

Энэ одоо юу болоод байна аа? Залуу тэгээд манай эмчийн хүү юм гэж үү? гэсэн асуултууд охины толгойд эргэлдэн, тэрүүхэн хооронд хар гүйхээрээ эмчийнхээ өрөөний үүдэнд ирсэн байлаа. Дутуу хаагдсан хаалганы цаанаас эцэг хүү хоёрын яриа сонсогдоно.

-Охины бие сэтгэл санаагаа дагаад ойрд их сайн байгаа. Энэ чиний л ач хүү минь. Түүний ганцаардлыг хуваалцаж, сэтгэлийг нь өргөе гэсэн чиний санаа гайхалтай үр дүн авчирч байна
-Үгүй дээ. Тэр санааг би гаргасан ч гэсэн зүгээр л танд туслахыг хүссэн юм. Эдгэрэшгүй өвчтэй хүн эдгэрлээ гэвэл таны л нэр хүнд өсөх юм биш үү гээд өнөөх л сайхан инээмсэглэлээрээ нүүрээ чимэх Залуу энэ удаад Охинд дурлалт залуу нь биш юм шиг санагдлаа.




ЗҮҮД үү БОДИТ БАЙДАЛ уу

Охины хацраас тасран унах нулимс гүйж байгаагаас нь болоод тэртээ хойно нь унаж байлаа. Хаа сайгүй машины сигналдах чимээ. Охин учрыг нь ч ойлгож амжаагүй байхдаа ачааны машинд мөргүүлэн газар үхэтхийн унаж, түүний ам хамарнаас цус сад тавина. Туслахаар ирсэн залуугийн нүд цэв цэнхэр, Монголын тэнгэр шиг цэв цэнхэр байлаа. Залуугийн харууслын хашгирааныг мэдрэн аажмаар дээшээ хөөрөх Охины сүнс цусанд будагдсан амьгүй биеэ харахаас өөрийг хийж чадахгүй...

Г. Эс-Олдох

0 сэтгэгдэл: