BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Сохор нар

Сохор нар над дээр тусахгүй
Солиотой бодлоос би хагацахгүй
Саарал орчлонд өөр өнгө үгүй
Сохор нар над дээр тусахгүй

Тийм нар сохор. Ямар ч л байсан над дээр нар тусдаггүй юм. Аливаа зүйлс заримдаа зуны цэцэгсийн өнгөөр эрээлэн гэрэлтэх мөртлөө, заримдаа бас саарал өнгөнд нэвт уусах юм. Амьдралыг саарал өнгөөр харах болоод удаж байна. Хар эсвэл цагаан биш, зүгээр л саарал. Муу сайныг дүгнэх, оноох, дэнслэх эрхгүй болохоороо бүгдийг сааралд тооцно. Өнгө будаг холилдсон, өрнөл хурцдал ихтэй байсан миний амьдралын хэвшил саарал агаад ямар ч хөдөлгөөнгүй, зогсонги байдал уруу огцом шилжив. Огцом шилжилтийн давалгаанд цохиулахгүй гэсэндээ хирэндээ хичээлээ. Давалгаа намдаж байна, гэвч бүр тайван болчихоогүй...

Юу юугүй л нэг тамхи асаагаад, тэрнийгээ ухаангүй сормоор санагдах юм. Тамхи хориотой, хориотой зүйлс бүхэн хүний сэтгэлийг тэр чинээгээрээ татдаг хойно доо. Намайг дуртай юмнаасаа хагацаж холдохгүй хүн гэдэгт бүгд итгэдэг. Тэр нь хор, гэмт үйлдэл, муу зуршил байх нь хамаагүй дуртай л бол энэ Эсээ холдохгүй гэдгийг тэд мэддэг. Гэхдээ холдохгүй ч гэлээ хааяа бас холдох чадал надад байдаг юм шүү гэдгийг харуулахыг хүснэ. Тийм ээ би тамхи, хөгжим, найз нөхөд сэтгэл гээд өөрт үнэтэй гэсэн бүхнээ гаргуунд нь гаргах чадалтай гэдгээ харуулмаар байна

Гэхдээ л би чадахгүй. Учир нь би дуртай болохоор, учир нь надад таалагддаг учраас тэдгээр зүйлстэй би хамт байдаг юм. Алхам газар явж чадахгүй тамхи, амь шигээ хайрладаг найз нөхөд, арав арван мянган өдөр сонссон хөгжим гээд л. Би таалдаг юм, надад таалагддаг. Тийм болохоор би хагацахыг төвдөхгүй. Тэрнээс биү хүсвэл надад чадал бий...

Нар сохор болохоор над дээр тусахгүй байна уу
эсвэл би албаар сүүдэр хайж, тэндээ орогноод???

0 сэтгэгдэл: